“Говийн 7-р Ноён Хутагтийн Домог” (1875-1932)

Олноо өргөгдсөний тавдугаар оны зуны дунд сарын арванд Говийн долоодугаар ноён хутагт Агваанлувсандамбийжанцаны айлдсанаар “Манлай морин эрдэнийн шинж хэмээх судар оршивой” сургаалийг “хунз” Гаанжуур тэмдэглэн үлдээсэн байдаг. 1875 оны модон гахай жил Догшин ноён хутагтын хойд дүр Агваанлувсандамбийжанцаны Говь мэргэн ван хошууны Луугар дэрс хэмээх газар мэндэлж, Хамрын хийдэд хутагтаар өргөмжлөгджээ. Гэгээнтэн нь төвд хэлээр олон дуу, шүлэг зохиосон, авъяас билэг төгөлдөр шашин, төрийн зүтгэлтэн байсан гэдэг. Гэгээн хутагт найр наадамд дуртай, шагайн тойром зохиох, хурдан морины засахыг зааж сургаж байсан гэдэг. Үнэхээр түүний айлдсан хурдан морины шинж заслын сударт өөр хаанахын ч сурвалжид байхгүй уяа заслын өдөр дарааллын дэг жаягийг заан сургасан хадмал үлгэр байдаг онцлогтой билээ. Гэгээнтэн 1930-аад онд эсэргүү феодалын хэргээр баривчлагдан уяа хойш хүргэгдэх замдаа Их хэт сумын нэгэн айлд буудаллахад тэднийх хоол цай барьсан байна. Гэгээнтэн тэднийд огиж бөөлжихөд гэрийн эзэн ихэд билэгшээн хадаг гаргаж бөөлжисийг хаман боож аваад хатааж хадгалсан гэдэг. Ноён хутагт тэр айлын жаахан хүүд ногоон хаш аягаа бэлэглэн дурсгаж “ халхын их хурдаар тоглох хувьтай хүү ” хэмээн адисласан гэдэг. Тэр жаахан хүү бол хожмын Дорноговийн Их хэт сумын алдарт уяач “онгон” Адилбиш байсан юм гэдэг.
Говийн долоодугаар дүрийн догшин ноён хутагт Агваанлувсандамбийжанцан 1931 оны төмөр хонин жилийн хаврын адаг сарын 16-нд учир битүүлгээр 57 насандаа бурхан болсон гэдэг. Түүний цогцосыг сэм авч Өндөрхаанаас Улаанбаатарт шилжүүлсэн, тохойн чинээ жаахан хүн болчихсон байсан гэх яриа гарч байжээ. Хожим хойдын өдөр Хутагтын наймдугаар дүр Булган аймгийн Хангал суманд тодорсон, хилэн хар морьтой их архи зооглодог хар хүн байсан гэх сураг байдаг аж. Эрдэнэт хотын Говил тосгонд байсан Ламын хийдийн хамба ламыг Ноён хутагт лам буюу Хангалын хар морьт хувилгаан Галсанцэрэн гэж ан гөрөө хийдэг хувраг байсан гэдэг. Түүний агсам тавьсан айлд буян заяа хурдаг гэдэг байжээ.
Агваанлувсандамбийжанцан Гэгээнтний адуучин, морь уяач “хунз” Гаанжуур гэдэг алдартай шинжээч байсан байна. Тухайн үед Гаанжуур хошууны хар гэрт хоригдиж байжээ. Хошуу ноёны тамгын газар олон хүмүүс ирж хөл хөдөлгөөнд орохыг мэдсэн Гаанжуур:
-Цаана чинь юу болоод байгаа юм бэ гэж лавлахад хар гэрийн хуяг:
-Хошуу ноён, гэгээнтэн нар долоон хошуу даншигт явахаар зэхэж байгаа юм байх гэж хэлэхэд :
-Чи намайг гэгээнтэнтэй уулзуулж өгөөч гэж гуйжээ. Хуяг энэ тухай гэгээнтэнд айлтгахад зөвшөөрчээ. Гаанжуур уяач гэгээнтэнд бараалхаж :
-Та намайг хар гэрээс гаргаж, наадамд дагуулж яваач би морьтаньдаг уяач хүн. Танд зүтгэе гэж гэнэ. Гэгээнтэн мэргэн оюундаа болгоож :
-Над нэг итгэлтэй хүн хэрэгтэй байгаа. Би чиний морь сайн таньдаг, уядгийг мэдэх биш дээ. Тэхлээр чи энэ удаа мал туугчаар яв гэж айлджээ. Мал туугч “хунз” Гаанжуур жасын малыг тууж явах замдаа хуучны сайн танил Цэцэнбалжир галдаа гэгчтэй учирч хуучлангаа :
-Та над нэг морь өгөөч гэж гуйжээ. Цэцэнбалжир галдаа :
-Тэг, тэг манай адуу “Наран бадралын худаг” дээр байгаа. Чи тэнд очоод дуртайгаа сонгон барьж, унаад яв гэсэн гэдэг. Наранбадралын худаг дээр ирээд адууг үзэж байснаа Цэцэнбалжирын хүүд ханданж :
-Танай адуу бүрэн байна уу гэж асуухад хүү :
-За даа бараг бүрэн шив дээ. Морьд голдуу нэг азарга адуу л ирээгүй байна гэв. Төдий л удалгүй морьд голдуу азарга адуу ус уухаар орж ирж гэнэ. Тэр адууны дундаас нэг хүрэн морь бариад байж байтал Цэцэнбалжир ирж :
-Гаанжуур минь, хол явах хүнд наад морь чинь ганцдана. Дахиад нэг сайн морь нэмж бариад хоёр морьтой яв гээд өөрөө нэг морь зүслэн барьж өгчээ. Ингээд Гаанжуур зам зууртаа хүрэм морио уяаж засан явсаар долоон хошуун даншиг наадамд хүрчээ. Тэгээд хүүхэд гиуж унаж уралдуулахад хүрэм морь түрүүлсэн гэдэг. Наадамчин олныг алмайруулсан “хунз” Гаанжуур хүрэн морио гэгээнтэнд өргөж нэрээр нь цоллуулсан гэнэ. Тэгээд Гэгээнтний адуучин, морь уяач, итгэлт хүн шадар туслагч, бараа бологч болсон байна. “Хунз” Гаанжуур хэмээх алдартай уяач адууныхаа хурдыг сайжруулах зорилгоор хулангийн сүрэгт гүү нийлүүлдэг байсан гэнэ.
Баянбуурал хайрханыг тахих овооны наадамд Дэлгэрэхийн араар нутагтай уяач Санзай шавран бага доод насныхаа босоо хурдалсан соёолон гуулин хээр гэдэг хурдан хүлгээ уяаж ирсэн байв. “Хунз” Гаанжуур уяагаар явж морьд шинжиж ирээд Гэгээнтэнд хандан :
-Шаврангийн гуулин хээрийг үзлээ. Манай соёолон морьд дийлэхгүй юм байна гэхэд Гэгээнтэн :
-Соёолон морьдыг өөө шөнийн дотор бүгдийг нь үз. Баруун зүгийн уяачид ирж амжаагүй бол буухиа явуулаад шөнөд нь авчруул гэжээ. Тэгээд шөнө том эрээн асарт олон лаа асаагаад соёолон морьдоо шинжиж эхэлжээ. Дуусаад Гэгээнтэн :

-Гуулингийн өмнө гарах морь нэг ч алга. Өөрсдий морьдыг сайн идүүлээрэй. Нэг арга бодъё гэж айлджээ. Уяач Гаанжуур тэр шөнөдөө Шавдангийн морьдыг тадаж, хэдийд барихыг нь мэджээ. Харин өөрийнхөө соёолонгуудыг идүүлсээр байв гэнэ. Азарга, их нас уралдаад ирсэний дараа Гэгээнтэнийхэн соёолон насаа мордуулахгүй хүлээгээд байж гэнэ. Гэгээнтний морьд мордоогүй байхад бусдын морьд явдаг ёс угаас байгаагүй аж. Соёоло морьд их хүлээгдэж байсаар оройхон мордлоо гэнэ.
Эрт үүрээр барьсан айлын морьны хоол өөр болохыг ь хүлээсэн нь тэр байжээ. Тэр уралдаанд Гэгээнтний харьяаны морь түрүүлж, Гуулин хээрийн хоол багадаж суусан байна. Наадмын дараа сэтгэл нь тавгүйрхсэн Гэгээнтэн :
-Би хойт зүгийн хурдан хүлэг Гуулин хээрийг хорлосонтой адил боллоо. Соёолондоо ингэж суусан морь алсдаа их насанд нийлээд явуургүй болно. Хожмын хожимд муу үйл хийсэндээ би их харамсаж байна. Үүнээс хойш, түүнээс цааш эрдэнэт сайхан хүлэгт ийнхүү хор бүү хүргэж бай. Энэ явдал надаар дуусгавар болог гээд “хунз” Гаанжуурт хандан :
-Чамд морины хишиг буян заяажээ. Мэргэн вангийн хошууны нэрийг үргэлж гаргаж яваарай гэж айлдаад дээлийн хамба торгоор шагнасан гэдэг. Тэр хамба торгон дээлээр Гаанжуур уяач мөн ч олон жил гоёсон гэдэг.
Таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй !!!
- Нийтэлсэн & Бэлтгэсэн: www.Huleg.mn © 2011.
- Эх Сурвалж: Д.Даваа “Монголын Хурдан Морины Домог, Түүх” Энэхүү номыг та бүхэн номын дэлгүүрээс авах боломжтой.
- Хурд Тойрох Агшин
Анхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (www.Huleg.mn ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! www.Huleg.mn (©) (ХУУЛБАРЛАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО)


(8 votes, average: 3.88 out of 5)




Minii eejiin aav Tsedenbaljir galdaa gedeg khun bsan gedeg. Huuchnaar Huder haruuld /Odoogiin Selenge aimgiin nutag bolov u/ golduu nutaglaj bsan. Galdaa gedeg ug chuham yamar uchirtai bolohiig medehgui yum. Eej mini eejiin taliinhaa ah duusiig erj suraglah huseltei bdag bolohoor ene ner chihend ih oir saihan buulaa.
Whats up! I just wish to give an enormous thumbs up for the nice info you have here on this post. I can be coming back to your weblog for extra soon.
Thanks for post